Олон хүн Бурханы үгийг бариад өдөр бүр уншдаг, бүр тэнд байгаа бүх сонгодог эшлэлийг өөрсдийн хамгийн эрхэм эрдэнэ шиг анхааралтай цээжлэхэд хүрдэг төдийгүй Бурханы үгийг хаа сайгүй номлож, Түүний үгээр бусдыг хангаж, тусалж байдаг. Ингэх нь Бурханыг гэрчилж байгаа, Түүний үгийг гэрчилж байгаа бөгөөд ингэх нь Бурханы замыг дагаж байна гэж тэд боддог; ингэх нь Бурханы үгээр амьдарч байна, ингэх нь Түүний үгийг бодит амьдралдаа авчирч байна, мөн ингэх нь Бурханы сайшаалыг хүлээн авч, аврагдаж, төгс болгуулах боломжтой гэж тэд боддог. Гэвч, тэд Бурханы үгийг номлож байхдаа ч гэсэн, хэрэгжүүлэхдээ хэзээ ч Бурханы үгийг дагаж мөрддөггүй, мөн Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлтэй өөрсдийгөө нийцүүлэхээр хичээдэггүй. Үүний оронд тэд Бурханы үгийг ашиглан бусдын хүндлэл, итгэлийг мэхлэн авч, мөн өөрсдийн удирдлагыг эрхэлж, Бурханы алдрыг завшиж, хулгайлдаг. Тэд Бурханы ажил болон сайшаалаар шагнуулахын тулд Бурханы үгийг түгээх боломжийг ашиглах гэж хий дэмий горьддог. Хэчнээн олон жил өнгөрсөн ч гэлээ, энэ хүмүүс Бурханы үгийг номлох явцдаа Бурханы сайшаалыг хүртэж чадаагүйгээр үл барам, Бурханы үгийг гэрчлэх явцад өөрсдийн дагах ёстой замыг олж нээж чадаагүйгээр барахгүй, Бурханы үгээр бусдыг хангаж, туслах явцдаа өөрсдөдөө тусалж, өөрсдийгөө дэмжиж чадаагүйгээс гадна, энэ бүх зүйлийг хийх явцдаа Бурханыг мэдэж, Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэлд хүрч чадаагүйгээр зогсохгүй; харин ч Бурханы талаарх тэдний буруу ойлголт улам бүр гүнзгийрч, Түүнийг сэжиглэх нь улам ч ноцтой болж, Түүний талаарх төсөөлөл нь бүр их хэтрүүлэгтэй болдог. Бурханы үгийн онолын хангамж болон удирдлага дор тэд загас усанд орсон мэт, өөрсдийн ур чадварыг ядах юмгүй хялбархан ашиглаж байгаа мэт, өөрсдийн амьдралын зорилго, үүрэг даалгаврыг олсон мэт, шинэ амийг олж аван, аврагдсан мэт, Бурханы үгийг цээжээр урсган уншихынхаа хамтаар үнэнийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, Бурханыг мэдэх замыг нээн олсон мэт, Бурханы үгийг номлох явцдаа Бурхантай дандаа нүүр тулан уулздаг мэт харагддаг. Мөн, тэд үргэлж цурхиран уйлтлаа “сэтгэл нь хөдөлдөг” ба Бурханы үгэн дэх “Бурханаар” байнга удирдуулснаар, Түүний чин сэтгэлийн анхаарал, сайн санаа зорилгыг нь тасралтгүй ухаарч байгаа мэт харагддагийн зэрэгцээ хүнийг аврах Бурханы аврал болон Түүний удирдлагыг ухаарч, Түүний мөн чанарыг мэдэж авч, Түүний зөвт зан чанарыг ойлгосон мэт харагддаг. Энэ суурин дээр үндэслэн, тэд Бурханы оршин тогтнолд улам бүр бат итгэж, Түүний эрхэм дээд байдлын талаар улам бүр ухаарч, Түүний агуу, ер бусын байдлыг бүр ч гүнзгий мэдэрч байх шиг санагддаг. Тэд Бурханы үгийн тухай өнгөц мэдлэгт автан, итгэл нь өсөж, зовлонг туулах шийдэмгий байдал нь батжиж, Бурханы талаарх мэдлэг нь гүнзгийрсэн мэт харагддаг. Тэд Бурханы үгийг үнэхээр туулж мэдрэхээс нааш Бурханы талаарх өөрсдийнх нь бүх мэдлэг болон бодол санаа нь өөрсдийнх нь хий хоосон төсөөлөл, таамаглалаас гарч ирдэг гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэдний итгэл Бурханаас ирсэн ямар ч туршилтыг дийлэхгүй, тэдний сүнслэг байдал болон биеийн хэмжээ гэгддэг зүйл нь Бурханы шалгалт юм уу үзлэгийг ердөө даахгүй, тэдний шийдвэр нь элсэн дээр баригдсан цайзтай адил бөгөөд тэдний хэлдэг Бурханы талаарх мэдлэг нь санаанаасаа зохиосон төсөөллөөс өөрцгүй. Үнэндээ, Бурханы үгэнд “их хэмжээний хүчин чармайлт” гаргасан энэ хүмүүс жинхэнэ итгэл гэж юу болох, жинхэнэ дуулгавартай байдал гэж юу болох, жинхэнэ анхаарал халамж гэж юу болох, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж юу болохыг хэзээ ч ухаараагүй байдаг. Тэд онол, төсөөлөл, мэдлэг, авьяас билэг, уламжлал болон мухар сүсэг, тэр ч бүү хэл хүний ёс суртахууныг хүртэл аваад, тэдгээрийг Бурханд итгэх болон Түүнийг дагах “хөрөнгө оруулалтын капитал”, “зэр зэвсэг” болгон, тэр ч байтугай тэдгээрийг Бурханд итгэх итгэл, Түүнийг дагах үндэс сууриа болгодог. Үүний зэрэгцээ, тэд бас энэ капитал болон зэр зэвсгийг аваад, Бурханыг мэдэж, Бурханы хяналт, шалгалт, гэсгээлт, шүүлттэй нүүр тулж, аргацаах шидэт сахиус болгодог. Эцэст нь, тэдний цуглуулсан зүйл нь шашны өнгө аяс, феодалын мухар сүсэг нэвчиж, романтик, хачин жигтэй, учир битүүлэг бүхэн шингэсэн Бурханы талаарх дүгнэлтээс өөрцгүй зүйлээс бүрддэг бөгөөд Бурханы талаарх тэдний мэдмэг, тодорхойлолт нь зөвхөн Дээд Тэнгэр эсвэл Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийнхтэй нэг хэвд цутгагдсан байдаг бол Бурханы бодитой байдал, мөн чанар, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох гэх зэрэг бодитой Бурхантай Өөртэй нь хамаатай юм бүхэн тэдний ухаарч ойлгож чадаагүй зүйлс бөгөөд энэ нь бүрмөсөн хамааралгүй, бүр хоёр өөр туйл шиг байдаг. Ийм маягаар хэдий тэд Бурханы үгийн хангалт, тэжээл дор амьдардаг ч гэсэн Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж үнэхээр чаддаггүй. Үүний жинхэнэ шалтгаан нь тэд хэзээ ч Бурханыг мэдэж аваагүй, мөн хэзээ ч Түүнтэй жинхэнээсээ холбогдож, харилцаж байгаагүй. Иймээс тэдний хувьд Бурхантай харилцан ойлголцолд хүрч, Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, шүтэн мөргөх боломжгүй юм. Бурханы үгийг ийнхүү үзэж, Бурханыг ийнхүү үздэг тэдний харах өнцөг, хандлага нь тэднийг гар хоосон буцахад хүргэсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замаар мөнхөд алхаж чадахааргүй болоход хүргэсэн. Тэдний зорьж байгаа зорилго болон явж байгаа чиглэл нь тэд бол мөнхөд Бурханы дайсан, хэзээ ч аврагдаж чадахгүй гэдгийг илэрхийлдэг.
Жинхэнэ бүтээл болохын хувьд, Бүтээгч гэж хэн болох, хүнийг бүтээсэн нь юуны төлөө болох, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх, бүтээлийн Эзэнийг хэрхэн шүтэн мөргөхийг мэдэх ёстой бөгөөд Бүтээгчийн хүсэл, сэтгэлийн үг, шаардлагыг ойлгож, ухаарч, мэдэж, анхаарч, Бүтээгчийн үгийг даган мөрдөж—Бурханаас эмээж, муугаас зайлах ёстой.
Бурханаас эмээх гэж юу вэ? Хүн яаж муугаас зайлах вэ?
“Бурханаас эмээх” гэдэг нь хэлэхийн аргагүй айдас болон аймшгийг хэлдэггүй, бултан зугтах, зайгаа барих, бишрэн шүтэх, мухар сүсэг гэсэн үг ч биш. Харин энэ нь бахдал, хүндлэл, итгэл, ойлголцол, анхаарал халамж, дуулгавартай байдал, зориулалт, хайр, түүнчлэн болзол тавихгүйгээр, гомдоллохгүйгээр шүтэн мөргөх, ач хариулах болон захирагдах гэсэн үг юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр, хүмүүст жинхэнэ бахдал, жинхэнэ итгэл, жинхэнэ ойлголт, жинхэнэ анхаарал халамж юм уу дуулгавар гэж байхгүй, харин зөвхөн айдас, түгшүүр, эргэлзээ, үл ойлголцол, булталт болон зайлсхийлт л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ зориулж, ач хариулна гэж байхгүй; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдана гэж байхгүй, сохор шүтлэг, мухар сүсэг л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс Бурханы үгийг даган мөрдөж, Бурханаас эмээж, муугаас зайлж яавч чадахгүй. Эсрэгээр нь хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа, гаргадаг зан авир болгон нь тэрслүү, эсэргүүцлээр; Бурханы тухай гүжирдсэн зэмлэл, гутаасан шүүлтээр; мөн үнэн болон Бурханы үгийн жинхэнэ утга учрыг зөрчсөн муу үйлээр дүүрэх болно.
Хүмүүс Бурханд жинхэнээсээ итгэх үед, Түүнийг дагаж, Түүнд найдах нь жинхэнэ болно; Бурханд жинхэнээсээ итгэж, найдсанаар л хүмүүс жинхэнэ ойлголт, ухааралтай болж чаддаг; Бурханы талаар бодит ухааралтай болсноор Түүнийг гэх бодит анхаарал халамж ирдэг; Бурханыг жинхэнээсээ анхаарч халамжилдаг байснаар л хүмүүс жинхэнээсээ дуулгавартай болно; Бурханд жинхэнээсээ дуулгавартай байснаар л хүмүүс жинхэнээсээ зориулна; Бурханд жинхэнээсээ зориулснаар л хүмүүс болзол тавьж, гомдоллолгүй ач хариулна; жинхэнэ итгэл найдвар, жинхэнэ ойлголт, анхаарал халамж, жинхэнэ дуулгавар, жинхэнэ зориулалт болон ач хариулалт байснаар л хүмүүс Бурханы зан чанар болон мөн чанарыг үнэхээр мэдэж, Бүтээгчийн ялгамж чанарыг мэдэж авдаг; Бүтээгчийг үнэхээр мэдэж авсан үедээ л хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдаж чадна; Бүтээгчид жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдах үедээ л хүмүүс муу үйлээ үнэхээр хойш тавьж, өөрөөр хэлбэл, муугаас зайлах болно.
Эдгээр нь “Бурханаас эмээж, муугаас зайлах” бүхий л үйл явц төдийгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах бүхий л агуулга, түүнчлэн Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд явах ёстой зам юм.
“Бурханаас эмээж, муугаас зайлах” болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогдсон байдаг ба тэдгээрийн хоорондох холбоо нь илэрхий юм. Хэрвээ хүн муугаас зайлахыг хүсвэл эхлээд Бурханаас үнэхээр эмээх ёстой; хэрвээ хүн Бурханаас үнэхээр эмээхийг хүсвэл эхлээд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой; хэрвээ хүн Бурханы талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы цохилт, сахилгажуулалт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой; хэрвээ хүн Бурханы үгийг туулахыг хүсвэл эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, мөн Бурханы үгийг туулах боломж олгохын тулд хүмүүс, үйл явдал, эд зүйл болон бүх төрлийн орчныг зохицуулж өгөхийг Бурханаас гуйх ёстой; хэрвээ хүн Бурхан болоод Бурханы үгтэй нүүр тулахыг хүсвэл эхлээд цайлган, үнэнч зүрх сэтгэл, үнэнийг хүлээн авах бэлэн байдал, зовлон бэрхшээлийг туулах хүсэл тмүүлэл, муугаас зайлах шийдвэр, эр зориг болон жинхэнэ бүтээгдсэн зүйл болох хүсэл эрмэлзлийг эзэмших ёстой… Ийм маягаар, алхам алхмаар урагшилснаар чи Бурхантай улам бүр ойртож, зүрх сэтгэл чинь илүү ариун болж, чиний амьдрал болон амьд байхын үнэ цэнэ Бурханы талаарх мэдлэгийн чинь хамтаар улам бүр утга учиртай, улам бүр гэрэл гэгээтэй болно. Нэгэн өдөр чи Бүтээгч оньсого биш болсныг мэдрэх ба Бүтээгч хэзээ ч чамаас далд байгаагүй, Бүтээгч хэзээ ч нүүрээ чамаас нуугаагүй, Бүтээгч чамаас огтхон ч хол байдаггүйг мэдэрч, Бүтээгч бол чиний цаг үргэлж боддог ч мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн биш болж, Тэр үнэхээр чиний баруун зүүн талд хамгаалан зогсож, чиний амийг хангаж, хувь заяаг чинь хянадаг гэдгийг мэдрэх болно. Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй, мөн Тэр Өөрийгөө өндөрт үүлэн дунд нуугаагүй. Тэр чиний яг хажууд, бүх зүйлийг чинь захирч байдаг, Тэр бол чиний бүх зүйл бөгөөд цорын ганц зүйл юм. Зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, Түүнээс зүүгдэж, Түүнийг чанга тэвэрч, Түүнийг гайхан биширч, Түүнийг алдахаас айж, Түүнээс татгалзах, Түүнд дуулгаваргүй байх, Түүнээс холдох, Түүнээс бултах хүсэлгүй болох боломжийг ийм Бурхан чамд олгодог. Түүнд анхаарал тавьж, Түүнийг дуулгавартай дагаж, чамд өгсөн бүхнийх нь ачийг хариулж, Түүний эрх мэдэлд захирагдахыг л чи хүсдэг. Чи цаашид Түүгээр удирдуулж, хангагдаж, халамжлуулж, хамгаалагдахаас татгалзахгүй, мөн чиний төлөөх Түүний захиралт, зохицуулалтаас цаашид татгалзахгүй. Түүнийг л дагаж, Түүний баруун юм уу зүүн талд нь цуг алхахыг л чи хүсдэг бөгөөд Түүнийг өөрийн цорын ганц амь гэж хүлээн зөвшөөрөх, Түүнийг өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн зөвшөөрөхийг л чи хүсдэг билээ.
2014 оны 8 дугаар сарын 18
No comments:
Post a Comment