Та нар дор бүрнээ, Бурханыг дагах үйл явцдаа Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр ухаарч, үнэхээр мэдэж авсан эсэхээ, янз бүрийн хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг үнэхээр мэддэг эсэхээ, мөн Бурхан чам дээр юу хийж байгааг болон үйлдэл бүрийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд амьдралынхаа туршид Бурханд хэрхэн итгэснээ шинээр шинжлэн шалгах ёстой. Хажууд чинь байж, урагшлах чиглэлийг чинь удирдаж, хувь заяаг чинь захирч, хэрэгцээг чинь хангадаг энэ Бурханыг чи чухамдаа хэр их ойлгож, хэр их мэддэг вэ? Тэр өдөр бүр чам дээр юу хийдгийг чи мэдэх үү? Түүний үйлдэл бүр ямар зарчим, зорилго дээр үндэслэдгийг мэдэх үү? Тэр чамайг хэрхэн залж чиглүүлдгийг мэдэх үү? Чамайг хангадаг Түүний арга барилыг мэдэх үү? Чамайг удирддаг Түүний арга замыг мэдэх үү? Тэр чамаас юу олж авахыг хүсдэгийг болон Тэр чамд юу гүйцэтгэхийг хүсдэгийг чи мэдэх үү? Чиний гаргаж байгаа олон төрлийн аашинд Тэр ямар хандлага баримталдгийг чи мэдэх үү? Чи Түүний хайртай хүн мөн эсэхээ мэдэх үү? Түүний баяр баясгалан, уур хилэн, уй гуниг, баяр хөөрийн уг сурвалж, тэдгээрийн ар дахь бодол, санаа болон Түүний мөн чанарын талаар чи мэдэх үү? Эцсийн эцэст итгэдэг энэ Бурхан чинь ямар Бурхан бэ гэдгийг мэдэх үү? Гэх мэт эдгээр асуулт нь чиний хэзээ ч ойлгож эсвэл бодож байгаагүй зүйл мөн үү? Бурханд итгэх үйл явцдаа чи Бурханы үгийг бодитоор мэдэрч, туулах замаар Түүний талаарх буруу ойлголтоо арилгасан уу? Бурханы сахилгажуулалт, цохилтыг хүртсэнийхээ дараа чи Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, анхаарал тавьж эхэлсэн үү? Бурханы гэсгээлт, шүүлтийн дунд чи, хүний тэрслүү байдал болон сатанлаг уг чанарыг танин мэдэхээр дамжуулан Бурханы ариун байдлын талаар өчүүхэн ч гэсэн ойлгож авсан уу? Бурханы үгийн удирдамж болон гэгээрлийн дор чи амьдралыг үзэх шинэ үзэл бодолтой болсон уу? Бурханы илгээсэн шалгалтын дунд чи, хүний халдахыг Тэр тэвчдэггүй гэдгийг, түүнчлэн Тэр чамаас юу шаарддагийг болон Тэр чамайг хэрхэн аварч буйг мэдэрсэн үү? Бурханыг буруугаар ойлгох гэж юу болохыг, эсвэл энэ буруу ойлголтыг хэрхэн залруулахыг мэддэггүй бол чамайг хэзээ ч Бурхантай жинхэнээсээ харилцаагүй, хэзээ ч Бурханыг ойлгож байгаагүй гэж хэлж болно, эсвэл чи наад зах нь хэзээ ч Түүнийг ойлгохыг хүсээгүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы сахилгажуулалт, цохилт гэж юу болохыг мэддэггүй бол дуулгавартай байх болон анхаарал тавих гэдэг нь юу болохыг мэддэггүй нь лавтай, эсвэл чи наад зах нь хэзээ ч Бурханд үнэхээр дуулгавартай байж, анхаарал тавьж байгаагүй юм байна. Хэрвээ чи Бурханы гэсгээлт, шүүлтийг хэзээ ч туулж байгаагүй бол Түүний ариун байдлыг мэдэхгүй нь лавтай бөгөөд хүний тэрслүү байдал юу болох талаар бүр ч мэдэхгүй. Хэрвээ чамд амьдралыг үзэх зөв үзэл бодол юм уу амьдралын зөв зорилго хэзээ ч байгаагүй, харин урагшаа явахаас ч эргэлзэх хүртэл хэмжээнд амьдралынхаа ирээдүйн замд тээнэгэлзэж, тэвдсээр байгаа бол Бурханы гэгээрэл, удирдамжийг хэзээ ч хүлээн авч байгаагүй чинь илэрхий юм; чамайг үнэхээр хэзээ ч Бурханы үгээр хангагдаж, нөхөгдөж байгаагүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы шалгалтыг хараахан туулаагүй бол Бурхан хүний халдахыг тэвчдэггүй гэж юу болохыг мэдэхгүй нь лавтай, мөн Бурхан чамаас эцсийн эцэст юу шаарддагийг ойлгохгүй, хүнийг удирдаж, аврах Түүний ажил юу болохыг бүр ч ойлгохгүй нь тодорхой юм. Хүн Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханы үгээс хэзээ ч, юуг ч мэдэрч ойлгоогүй бол тэр хүн авралын зам руу мэдээж алхаагүй, Бурханд итгэх итгэл нь мэдээж ямар ч бодитой агуулгагүй, Бурханы талаарх мэдлэг нь ч гэсэн мэдээж хоосон бөгөөд Бурханыг хүндлэх гэж юу болохыг огт мэддэггүй нь илэрхий юм.
Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар нь бүгд Түүний үгээр дамжин хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн. Хүн Бурханы үгийг туулж байхдаа тэдгээрийг хэрэгжүүлэх явцад Бурханы хэлдэг үгийн цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн эх сурвалж болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн зорьсон үр нөлөөг ойлгож, мэдрэх болно. Хүмүүсийн хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, зан чанараа өөрчилж, Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах чадвартай болохын тулд хүний туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл бол энэ юм. Хүн эдгээр зүйлийг туулж, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авсан байх бөгөөд энэ үедээ бас Түүний талаарх өөр өөр түвшний мэдлэгийг олж авсан байх болно. Энэхүү ойлголт, мэдлэг нь хүний төсөөлж зохиосон зүйлээс гарч ирдэггүй, харин ч өөрийнхөө дотор ухамсарлаж, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Эдгээр зүйлийг ухамсарлаж, туулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг агуулгатай болж, энэ үед л түүний олж авсан мэдлэг нь үнэн, бодитой, алдаа мадаггүй байх бөгөөд Бурханы үгийг ухамсарлаж, туулж, мэдэрч, батлах замаар Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц бол Бурхан, хүн хоёрын хоорондох жинхэнэ харилцаа юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы хүслийг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож, мэдэж; Бурханы зан чанарыг аажмаар ойлгож, мэдэж; Бурхан бүх зүйлийг захирдаг баримтын талаар жинхэнэ үнэмшил болон зөв тодорхойлолттой болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд үндсэн тодорхойлолт, мэдлэгтэй болдог. Ийм төрлийн харилцаан дунд, хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, Түүнийг үндэслэлгүйгээр төсөөлж, Түүний талаар дураараа сэжиглэж, Түүнийг буруугаар ойлгож, яллаж, Түүнд шүүлт оноож, Түүнд эргэлзэхээ больдог. Улмаар, хүний Бурхантай маргах нь багасаж, зөрчилдөх нь багасаж, Бурханы эсрэг тэрслэх нь цөөрдөг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх хүндлэл нь улам бодитой, улам гүн гүнзгий болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангалт болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй, үүний зэрэгцээ бас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Ийм төрлийн харилцаан дунд, хүн зан чанараа өөрчилж, аврал хүртээд зогсохгүй, үүний зэрэгцээ бүтээгдсэн зүйлээс Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон шүтлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх итгэл нь хоосон цаас, хий дэмий амлалт юм уу сохор эрэл хайгуул, сохор шүтлэг байхаа больдог; ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба энэ үед л хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ дуулгавартай байдал, анхаарал халамж руу, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилждэг, түүнчлэн хүн Бурханыг мэдэх үйл явцдаа идэвхгүй байснаа идэвхтэй байдалтай болж, сөрөг байснаа эерэг байдалтай болж аажмаар ахин дэвшдэг; ийм харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх жинхэнэ ойлголт, ухаарал, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Хүмүүсийн дийлэнх нь хэзээ ч Бурхантай жинхэнээсээ харилцаж байгаагүй учраас Бурханы талаарх мэдлэг нь онолын түвшинд, бичиг үсэг, хоосон сургаалын түвшинд хүрээд зогсдог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дийлэнх нь Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханыг мэдэхийн тухайд бол одоо ч эхлэлийн цэг дээрээ байж, үлгэр домог болон феодалын мухар сүсэгтээ дөнгөлүүлэн, уламжлалт бишрэлийн хэлбэрийн сууринд гацаж байдаг. Бурханы талаарх хүний мэдлэг нь эхлэлийн цэг дээрээ гацна гэдэг бол бараг байхгүй гэсэн үг. Бурханы байр суурь болон ялгамж чанарын талаарх хүний баталгаанаас бусдаар бол хүний Бурханд итгэх итгэл нь мөн л бүдэг бадаг тодорхойгүй байдалд байдаг. Ингэхээр хүнд Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэл хэр их байх вэ?
Чи Бурханы оршин тогтнолд хэчнээн бат итгэдэг байсан ч гэсэн, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь ч, Бурханыг хүндлэх хүндлэлийг чинь ч орлож чадахгүй. Чи Бурханы ерөөл, нигүүлслийг хэчнээн их эдэлсэн ч бай, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь орлож чадахгүй. Бурханы төлөө бүхнээ зориулж, бүхнээ зарлагадахыг хэчнээн их хүсэх чинь хамаагүй, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь орлож чадахгүй. Магадгүй чи Бурханы хэлсэн үгийг маш сайн мэддэг болж, тэдгээрийг цээжилж, хойш урагш нь дуржигнатал уншиж чадаж байлаа ч гэсэн, эдгээр нь Бурханы талаарх чиний мэдлэгийг орлож чадахгүй. Бурханыг дагахдаа хүн хэчнээн шийдэмгий байлаа ч гэсэн, Бурхантай хэзээ ч жинхэнээсээ харилцаж байгаагүй бол, Бурханы үгийг жинхэнээсээ туулаагүй бол Бурханы талаарх мэдлэг нь хоосон цаас юм уу эцэс төгсгөлгүй мөрөөдлөөс өөрцгүй; чи зөрж өнгөрөхдөө Бурхантай “мөр шүргэлцэж”, Түүнтэй нүүр тулан уулзсан ч бай, Түүний талаарх мэдлэг чинь хоосон хэвээр байх ба Бурханыг гэх хүндлэл чинь хий хоосон уриа лоозон, хүслэнт байдлаас өөрцгүй байх юм.
No comments:
Post a Comment