Сүүлийн уулзалтынхаа үеэр бид маш чухал сэдвийг хуваалцсан билээ. Тэр юу байсныг та нар санаж байна уу? Би давтаж хэлье. Бидний сүүлийн нөхөрлөлийн сэдэв бол: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө байсан. Энэ сэдэв та нарт чухал уу? Үүний аль хэсэг нь та нарт хамгийн чухал вэ? Бурханы ажил уу, Бурханы зан чанар уу, эсвэл Бурхан Өөрөө юу? Алийг нь та нар хамгийн их сонирхож байна вэ? Аль хэсгийг нь та нар хамгийн их сонсмоор байна вэ? Тэр асуултанд хариулах нь та нарын хувьд хэцүү гэдгийг Би мэдэж байна, учир нь Бурханы зан чанарыг Түүний ажлын бүх талуудаас харж болох бөгөөд Түүний зан чанар үргэлж, бүх газруудад Түүний ажлаар илчлэгддэг ба үнэндээ Бурханыг Өөрийг нь төлөөлдөг; Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө бүгд салшгүй холбоотой.
Бурханы ажлын талаарх бидний сүүлчийн нөхөрлөлийн агуулга нь Библид дүрсэлсэн олон жилийн өмнө тохиолдсон зүйлс байсан. Тэдгээр нь бүгд хүн болон Бурханы тухай түүх байсан бөгөөд тэдгээр нь хүнд тохиолдсон ба Бурханы оролцоо болон илэрхийллийг зэрэг багтаасан, иймээс эдгээр түүх нь Бурханыг мэдэхэд хэрэгтэй онцгой үнэ цэнэ, ач холбогдлыг агуулдаг. Хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараахан Бурхан хүнтэй харьцаж, хүнтэй ярилцаж эхэлсэн бөгөөд Түүний зан чанар хүнд илэрхийлэгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнтэй анх харьцаж эхэлснээсээ эхлээд Өөрийн мөн чанар болоод Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухайгаа хүнд зогсолтгүйгээр мэдэгдэж эхэлсэн. Эртний хүмүүс, эсвэл өнөөгийн хүмүүс үүнийг харж, ойлгож чадах эсэхээс үл хамааран товчхондоо, Бурхан Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн мөн чанарыг илэрхийлэн хүнтэй ярьж, хүмүүсийн дунд ажиллаж байдаг—энэ нь хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Энэ нь бас Бурханы зан чанар, Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь Түүнийг хүнтэй ажиллаж, харилцах явцад байнга ил гарч, илчлэгдэж байдаг гэсэн үг юм. Тэр хүнээс хэзээ ч, юу ч нууж, далдлаагүй, харин оронд нь юу ч үлдээлгүйгээр Өөрийн зан чанарыг нийтэд мэдэгдэж, ил гаргадаг. Ингэж хүн Өөрийг нь мэдэж, бас Түүний зан чанар болон мөн чанарыг ойлгож чадна гэж Бурхан найддаг. Түүний зан чанар болон мөн чанарыг хүн мөнхийн нууц гэж үзэхийг Тэр хүсдэггүй, мөн хүн төрөлхтөн Бурханыг хэзээ ч тайлагдашгүй таавар гэж үзэхийг Тэр хүсдэггүй. Хүн төрөлхтөн Бурханыг мэддэг болсон үедээ л урагшлах замаа мэдэж, Бурханы удирдамжийг хүлээн авч чадах ба зөвхөн ийм хүн төрөлхтөн л Бурханы ноёрхол дор амьдарч, гэрэлд амьдарч, Бурханы ерөөлийн дунд амьдарч чадна.
Бурханы ажил болон төлөвлөгөө зогсолтгүй урагшилж байхад, мөн энэ дэлхийг Тэр дахиж хэзээ ч үерийн ус ашиглан сөнөөхгүйн тэмдэг болгон хүнтэй солонгын гэрээ байгуулсныхаа дараа Бурхан Өөртэй нь нэг санаатай байж чадах хүмүүсийг олж авахыг бүр их шаргуу хүсэж байсан юм. Иймээс Тэр бас дэлхий дээр Түүний хүслийг хэрэгжүүлж чадах хүмүүсийг олж авах, цаашлаад харанхуйн хүчнээс чөлөөлөгдөж, Сатанд хүлэгдэхгүй байж чадах, дэлхий дээр Түүнд гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авах бүр ч илүү яаралтай хүсэл Түүнд байсан. Тийм бүлэг хүмүүсийг олж авах нь Бурханд удтал байсан хүсэл буюу бүтээлийн цагаас хойш Түүний хүсэн хүлээсээр ирсэн зүйл байсан юм. Тийнхүү дэлхийг сөнөөхийн тулд Бурхан үер ашигласныг, эсвэл хүнтэй байгуулсан Түүний гэрээг үл харгалзан, Бурханы хүсэл, ухааны цар хүрээ, төлөвлөгөө, итгэл найдвар нь бүгд хэвээр үлдсэн. Бүтээлийн цагаас өмнө удаан хугацаанд Түүний эгээрч байсан, Түүний хийхийг хүсэж байсан зүйл нь хүн төрөлхтний дундаас Өөрийн олж авахыг хүссэн хүмүүсийг олж авах—Түүний зан чанарыг ухамсарлан мэдэж, Түүний хүслийг ойлгож чадах бүлэг хүмүүс, Түүнийг шүтэн мөргөж чадах бүлэг хүмүүсийг олж авах явдал байсан юм. Тийм бүлэг хүмүүс нь Түүнд гэрчлэл хийж лавтай чадах бөгөөд тэд бол Түүний итгэлийг хүлээсэн хүмүүс гэж хэлж болох юм.
Өнөөдөр бүгдээрээ Бурханы гишгэсэн мөрөөр буцан мөрдөж, Түүний ажлын алхмуудыг үргэлжлүүлэн дагацгаая, ингэснээр бид Бурханы бодол, санааг болон Бурхантай хамаатай юм бүхнийг, хэтэрхий удаан “агуулахад хадгалагдсан” бүх зүйлийг нээн илрүүлж магадгүй юм. Эдгээр зүйлээр дамжуулан бид Бурханы зан чанарыг мэдэж, Бурханы мөн чанарыг ойлгож эхлэх бөгөөд бид Бурханыг зүрх сэтгэлдээ оруулж, Бурхан болон бидний хоорондох зай багасан бид бүгдээрээ Бурханд аажмаар ойртон очих болно.
Бидний сүүлд ярьсан зүйлийн нэг хэсэг нь яагаад Бурхан хүнтэй гэрээ байгуулсан бэ гэдэг тухай байсан. Энэ удаад бид доорх Библийн ишлэлүүдийн тухай нөхөрлөх болно. Бүгдээрээ Библийг уншсанаар эхэлцгээе.
А. Абрахам
1. Бурхан Абрахамд хүү өгөхөөр амлав
(Эхлэл 17:15-17) Бурхан Абрахамд “Чиний эхнэр Сараин тухайд гэвэл, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй, харин түүний нэр Сара байх болно. Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө: Тийм ээ, Би түүнийг ерөөх болно, тэгээд тэр үндэстнүүдийн эх болж; хүмүүсийн хаад түүнийх байх болно гэв. Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.
(Эхлэл 17:21-22) “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.
2. Абрахам Исаакийг өргөсөн нь
(Эхлэл 22:2-3) Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав.
(Эхлэл 22:9-10) Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа.
Бурханы хийхээр шийдсэн ажилд хэн ч саад учруулж чадахгүй
Ингээд та нар бүгд Абрахамын түүхийг дөнгөж сая сонслоо. Үер дэлхийг сөнөөсний дараа түүнийг Бурхан сонгосон, түүний нэрийг Абрахам гэдэг байсан бөгөөд түүнийг зуун настай, эхнэр Сараг нь ерэн настай байхад Бурханы амлалт түүнд ирсэн. Бурхан түүнд юу амласан бэ? Бурхан Библид дурдсан зүйлийг амласан: “Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө.” Бурхан түүнд хүү өгнө гэсэн амлалтын ард юу байсан бэ? Библид дараах тэмдэглэл байдаг: “Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.” Өөрөөр хэлбэл, энэ өтөл насны хос хүүхэдтэй болоход хэтэрхий хөгшин байсан. Бурхан түүнд амлалт өгсний дараа Абрахам юу хийсэн бэ? Тэр нүүрээрээ газар унан инээж, “Зуун настай надад хүү төрнө гэж үү?” хэмээн өөртөө хэлсэн. Абрахам энэ нь боломжгүй гэж итгэж байсан—тэрээр түүнд өгсөн Бурханы амлалт нь тоглоом тохуунаас өөр юу ч биш гэж итгэсэн гэсэн үг юм. Хүний өнцгөөс авч үзвэл, энэ нь хүний биелүүлж чадашгүй зүйл байсан ба түүнчлэн Бурханы хувьд ч биелүүлж чадашгүй, боломжгүй зүйл байсан. Абрахамд энэ нь инээдтэй байсан байх: Бурхан хүнийг бүтээсэн атлаа ийм хөгшин хүн хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг Тэр мэддэггүй байна; Тэр надад хүүхэдтэй болох боломж олгож болно гэж бодож, Тэр надад хүү өгнө гэнэ—огт боломжгүй зүйл! Иймээс Абрахам нүүрээрээ газар унан: Боломжгүй зүйл—Бурхан надтай тоглож байна, энэ үнэн байж таарахгүй! хэмээн дотроо бодон инээж байсан. Тэр Бурханы үгийг нухацтай хүлээж аваагүй. Иймээс, Бурханы нүдэнд Абрахам ямар хүн байсан бэ? (Зөв шударга). Тэр бол зөв шударга хүн байсныг хаана бичсэн байна вэ? Бурханы дуудсан бүх хүмүүс зөв шударга, төгс бөгөөд Бурхантай хамт алхдаг хүмүүс байсан гэж та нар боддог. Та нар сургаал номлолд баригддаг! Бурхан хэн нэгнийг тодорхойлохдоо үүнийг дур зоргоороо хийдэггүй гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Энд, Абрахам зөв шударга хүн байсан гэж Бурхан хэлээгүй. Бурхан зүрх сэтгэлдээ хүн бүхнийг хэмжих стандарттай байдаг. Хэдийгээр Абрахам ямар төрлийн хүн байсныг Бурхан хэлээгүй ч гэсэн түүний зан төлвөөс үзвэл Абрахамын Бурханд итгэх итгэл ямар байсан бэ? Энэ нь бага зэрэг хийсвэр байсан уу? Эсвэл тэр агуу итгэлтэй байсан уу? Үгүй, тэр тийм байгаагүй! Түүний инээд болон бодлууд нь түүнийг хэн байсан бэ гэдгийг харуулсан, иймээс тэр зөв шударга байсан гэсэн та нарын итгэл бол зөвхөн та нарын хоосон төсөөлөл, энэ бол сургаал номлолын сохор хэрэглээ бөгөөд энэ бол хөнгөн хуумгай үнэлгээ юм. Бурхан Абрахамын инээд болон түүний өчүүхэн нүүр царайны илэрхийллийг харсан уу? Учрыг нь мэдсэн үү? Бурхан мэдсэн. Гэхдээ Бурхан Өөрийн хийхээр шийдсэн зүйлийг өөрчлөх байсан уу? Үгүй! Бурхан энэ хүнийг сонгоно гэж төлөвлөж шийдсэн үед энэ хэрэг аль хэдийн биелсэн байдаг. Хүний бодол эсвэл түүний биеэ авч явах байдлын аль нь ч Бурханд өчүүхэн төдий ч нөлөөлж, саад болж чадахгүй; Бурхан Өөрийн төлөвлөгөөг зоргоороо өөрчлөх ч үгүй байсан, эсвэл хүний зан төлөв хэдий тэнэгдүү байж магадгүй ч гэсэн тэрнээс нь болж Өөрийн төлөвлөгөөг өөрчлөх юм уу, нураахгүй байсан. Тэгвэл Эхлэл 17:21-22 дээр юу гэж бичсэн байдаг вэ? “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.” Бурхан Абрахамын бодсон, эсвэл хэлсэн зүйлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулаагүй. Түүний үл тоомсорлох шалтгаан юу байсан бэ? Үүний учир нь, тэр үед Бурхан, хүнийг агуу итгэлтэй байгаач, эсвэл Бурханы талаар ихийг мэдэж чаддаг байгаач, цаашлаад Бурханы хийсэн, хэлсэн зүйлийг ойлгодог чадвартай байгаач гэж гуйдаггүй байсан юм. Тиймээс Түүний хийхээр шийдсэн зүйлийг бүрэн ойлгооч, эсвэл Өөрийн сонгохоор шийдсэн хүмүүсийг эсвэл, Өөрийн үйлдлүүдийн зарчмыг ойлгооч гэж Тэр хүнээс гуйгаагүй, учир нь хүний биеийн хэмжээ зүгээр л хангалтгүй байсан билээ. Тэр үед Бурхан Абрахамын хийсэн бүрийг, гаргасан ааш араншинг нь хэвийн гэж үзсэн. Тэр зэмлэж, буруушаагаагүй харин ердөө л: “Сара чамд дараа жилийн энэ цагт Исаакийг төрүүлж өгнө” гэж хэлсэн юм. Бурханы хувьд Тэр эдгээр үгийг тунхагласны дараа энэ хэрэг алхам алхмаар биелж эхэлсэн; Бурханы бодлоор бол Түүний төлөвлөгөөгөөр бүтэх ёстой байсан зүйл нь аль хэдийн биелсэн. Үүний зохицуулалтыг дуусгасныхаа дараа Бурхан явсан. Хүний юу хийх эсвэл бодох, хүний юу ойлгох, хүний төлөвлөгөө—эдгээрийн аль нь ч Бурханд ямар ч хамаагүй. Бүх зүйл Бурханы тогтоосон цаг хугацаа болон үе шатыг баримтлан Бурханы төлөвлөгөөний дагуу явагддаг. Энэ нь Бурханы ажлын зарчим юм. Хүний боддог эсвэл мэддэг зүйлд Бурхан хөндлөнгөөс оролцдоггүй, гэхдээ Тэр мөн Өөрийн төлөвлөгөөнөөс няцаж, Өөрийн ажлыг хаядаггүй, учир нь хүн итгэдэггүй мөн ойлгодоггүй. Тиймээс хэрэг явдлууд Бурханы төлөвлөгөө болон бодлын дагуу бүтдэг. Энэ нь бид нарын Библиэс хардаг яг тэр зүйл юм: Бурхан Исаакийг Өөрийн тогтоосон хугацаанд төрүүлсэн. Хүний зан төрх болон зан төлөв Бурханы ажилд саад учруулсан гэдгийг баримтууд нотолдог уу? Тэдгээр нь Бурханы ажилд саад учруулаагүй! Хүний Бурханд итгэх өчүүхэн итгэл болон Бурханы талаарх түүний үзэл, төсөөлөл нь Бурханы ажилд нөлөөлсөн үү? Үгүй, тэгээгүй! Өчүүхэн ч нөлөөлөөгүй! Бурханы удирдлагын төлөвлөгөөнд ямар ч хүн, хэрэг явдал, эсвэл орчин нөлөөлдөггүй. Түүний хийхээр шийдсэн бүхэн нь Түүний төлөвлөгөөний дагуу зохих цагтаа биелж, гүйцэтгэгдэх бөгөөд Түүний ажилд ямар ч хүн саад учруулж чадахгүй. Бурхан хүний зарим нэг тэнэглэл болон мунхаглалд анхаарал хандуулдаггүй бөгөөд тэр ч байтугай Түүнд хандах хүний эсэргүүцэл болон үзлийг үл тоодог; үүний оронд Тэр Өөрийн хийх ёстой ажлаа ямар ч эргэлзээгүйгээр хийдэг. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд энэ нь Түүний бүхнийг чадагч байдлын илрэл юм.
No comments:
Post a Comment